Skip to main content

ШИНЭЭР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН МЭДЭЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ХУУЛИЙН ДОЛООН АСУУДАЛ

By 03/29/2021May 25th, 2021Uncategorized @mn, Зөвлөгөө, Мэдээ

Шинэ, залуу бизнес эрхлэгчид анхаарлаа нааш нь хандуулаарай.

1. Бизнес эрхлэхийн тулд заавал компани байгуулах шаардлагагүй.

Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар нөхөрлөл, компани, холбоо /төрийн бус байгууллага/, сан, хоршоо зэрэг нийт хуулийн этгээдийн 10 төрөл байдаг. Хэрэв таны эрхлэхээр төлөвлөж буй бизнест аль нэг хэлбэрийн хуулийн этгээд байгуулж ажиллах зайлшгүй шаардлага үүсээгүй бол ганцаараа/дангаараа/ бизнесээ эрхлэх бүрэн боломжтой.

2. Ганцаараа байсан ч компаниа байгуулж болно.

Бидний нэрлэж заншсан “ХХК” буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Компанийн тухай хуульд заасны дагуу 50 хүртэлх тооны хүмүүс болон хуулийн этгээд хамтран үүсгэн байгуулж болох зохицуулалттай. Тэгэхээр ганцаараа байсан ч өөрийн компаниа хуульд заасны дагуу үүсгэн байгуулж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ тамга тэмдэг зэргийг авснаар тухайн хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаа эрхлэх боломжтой болно.

3. Компанийнхаа дүрмийг яаран 100-н айлын ТҮЦ-ээс худалдаж авах хэрэггүй.

Компанийн дүрэм гэж юу вэ гэдэгт хариулт хэрэгтэй байх. Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг бөгөөд компанийн үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, хувьцаа эзэмшил болон бусад чухал асуудлуудыг бүхэлд нь зохицуулсан байдаг. Компанийн тухай хуульд зааснаар компанийн дүрэмд тодорхой шаардлагууд тавигддаг бөгөөд компанийн үүсгэн байгуулагч нар урьдчилан төлөвлөөгүй, тухайлан ач холбогдол өгөөгүй зэргээс хамаарч улсын бүртгэлийн байгууллагын ойролцоох түргэн үйлчилгээний цэгээс бэлэн төсөл аваад компаниа байгуулчихдаг. Энэ нь компанийн үйл ажиллагаа жигдэрч тодорхой ашиг орлоготой болох үед эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан, зөрчил үүсэх үед маш олон тооцоолоогүй асуудлуудын үндэс суурь болдог бөгөөд сөрөг үр дагавар ихтэй.  Иймд өөрийн компанийн дүрэмдээ ач холбогдол өгөх, хуульчдаас зөвлөгөө авах нь чухал.

4. Тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулах бол зайлшгүй компани байгуулах шаардлагатай юу.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болохоор хуульчилсан. Гэвч эрхлэх үйл ажиллагааны онцлог болон тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журмаар хуулийн этгээд байхыг шаардаж болно. Иймд ямар төрлийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа болохоос хамаарч компани байгуулах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн үг.

5.Хөрөнгө оруулагчтайгаа анхны гэрээ хэлцэлээ оновчтой хийх нь чухал

Анх бизнес эхлэхэд хөрөнгө оруулагч чухал байх нь мэдээж. Гэхдээ та дараахыг сайтар тооцоолж үзэн шийдвэрээ гаргаж гэрээ хэлцэлээ байгуулах нь зүйтэй. 

  • Хөрөнгө оруулалтын хэлбэр нь  зээл, компанийн хувьцаа эзэмшил, бусад төрлийн гэрээнд үндэслэн өөр өөр хэлбэрээр хийгддэг. Тухайн бизнес нь оруулсан хөрөнгө оруулалтаас хэд дахин их ашигтай ажилласан тохиолдолд анх хийсэн гэрээ хэлцлийн үндсэн дээр үүсгэн байгуулагчид алдагдалтай болох, компанийн хувь эзэмшлээс болж шийдвэр гаргалтад нөлөөлөл хэт үүсч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл гарах, улмаар өөрийн эхлүүлсэн бизнесээ алдах зэрэг эрсдэл учирч болно.
  • Хэрэв зээл хэлбэрээр хөрөнгө оруулалт олсон бол хүү, алданги, зээлийн хугацаа зэргийг сайтар тооцоолж бизнесийн үр өгөөж, ойрын болон хэтийн төлөвлөгөө зэрэгтээ тулгуурлан аль болох бага эрсдэлтэй гэрээ хэлцэл байгуулах хэрэгтэй.
  • Зээлийн гэрээг байгуулахдаа баталгаа болгож өөрийн хөрөнгө болон бизнесийн санаагаа барьцаалж давхар гэрээ байгуулах гэж байгаа бол хуульчдаас зөвлөгөө авч, ирээдүйд үүсч болох хууль зүйн эрсдэлийг тооцоолж үзэх хэрэгтэй.

6.Компанид өр төлбөр үүссэн эсхүл бусдаас авлага авахаар болсон тохиолдолд шууд л цагдаагийн байгууллагад хандсанаар цаг хугацааг хий үрэх нь бий

Бидний дунд “миний мөнгийг аваад сураггүй алга болчихлоо” гэх асуудал цөөнгүй сонсогддог. Хэрэв тухайн тохиолдолд бичгээр зээлийн гэрээ байгуулсан эсхүл амаар харилцан тохиролцож мөнгө зээлдүүлсэн асуудал байгаа бол юун түрүүнд цагдаагийн байгууллагад хандахаас өмнө хуульчтай эсхүл энэ талаар зөвлөгөө өгөх чадвартай нэгэнтэй зөвлөлдөөрэй. Учир нь зээлийн гэрээ байгуулсан нь иргэний эрх зүйн харилцаа буюу цагдаагийн байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал биш байдаг. Иймд цагдаагийн байгууллагад хандаж хугацаа алдахын оронд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, зээлдэгчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах нь зүйтэй. Гэхдээ тухайн этгээд таны мөнгийг зээлж авахдаа зээлийн гэрээг хэлбэр төдий байгуулаад анхнаасаа залилах зорилготой байсан бол өөр асуудал үүсдэг учир асуудалд ул суурьтай хандаж өөрийн эрхийг хамгаалахын тулд хууль зүйн талаас нь зөвлөгөө, үйлчилгээ авч байх шаардлагатай.

7. Компанийн хөрөнгө таны хувийн хөрөнгөтэй холилдсон тохиолдолд компанийн хүлээх хариуцлагыг та өөрийн хөрөнгөөр хариуцах болдог.

  • “Компанийн дансанд мөнгө оруулахаар татварт хамаг нь явчихдаг, миний хувийн дансанд хийчих” гэх энэ хандлагыг та цөөнгүй харсан байх. Магадгүй таны бизнесийн үр нөлөөгөөр бий болсон хөрөнгийг та өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглах, хувийн дансаараа бизнесийн гүйлгээгээ хийсээр байгаа бол энэхүү хэсэгт анхаарлаа хандуулаарай. 

Компанийн тухай хуульд “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” хэмээн зохицуулсан байдаг. Иймд компанийн хөрөнгө болон өөрийн хөрөнгийг зааглаж санхүүгийн сахилга баттайгаар хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах нь таны эрх болон компанийн эрхийг тэнцвэртэйгээр хангах үндэс болдог.

Эх сурвалж: HumanZ.mn

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.