Skip to main content

ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧИЙН ТАЛААР ТАНЫ МЭДВЭЛ ЗОХИХ ТАВАН ФАКТ

Та хуульч болон өмгөөлөгчийн талаар хэр сайн мэдэх вэ? Магадгүй зарим нэг ойлголтыг эндүүрдэг юм биш биз. Таны эрх зүйн мэдлэгийг нэмэх энгийн таван фактыг хүргэж байна.

  1. Хуульч нь хууль зүйн их дээд сургууль төгссөн “эрх зүйч”-ээс ялгаатай.
  • Хууль зүйн их, дээд сургуулийг төгссөнөөр эрх зүйч мэргэжилтэй болох бөгөөд мэргэжлийн дадлагыг хуульд заасан ажлын байранд 2 жилээс дээш хугацаанд хийж гүйцэтгэн, Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг “Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалт”-д оролцож тэнцсэнээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олж авч, Монголын хуульчдын холбооны гишүүн болж, ХУУЛЬЧ нэршлийг хэрэглэх эрхтэй болдог. 
  1. Хуульч нь сэтгэцийн хувьд эрүүл байх тусгайлсан шаардлага тавигддаг.
  • Жил бүр зохион байгуулдаг хуульчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн эрх зүйчийн сэтгэц эрүүл эсэхийг шинжилж үзсэний үндсэн дээр тангараг өргүүлэхийг зөвшөөрч албан ёсоор тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгодог. Энэ нь тухайн ажил мэргэжлийн онцлог төдийгүй эрхэлж буй үйлчилгээний үр дагавар болон сэтгэл зүйн хувьд хүнд орчинд ажиллах нь хуульч, өмгөөлөгчдийн дунд цөөнгүй байдагтай холбоотой.
  1. Хуульч, өмгөөлөгч нь хоорондоо ижил гэж боддог уу?
  • Хуульч нь өмгөөлөгчөөр ажиллахын тулд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг болон мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнээ нотолж, Монголын өмгөөлөгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг өмгөөлөгчийн шалгалтад орж тэнцсэнээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Иймд өмгөөлөгч болохын тулд Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооноос тус тус зарласан мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн байх шаардлагатай. 
  1. Хууль зүйн мэргэжлийн асар их мэдлэг, ур чадварыг Өмгөөлөгчийн ажил шаардсан байдаг. 
  • Хуульч нь хууль тогтоомжийг зөв ойлгож, тайлбарлаж хэрэглэх мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг бүрэн эзэмшсэн байхаас гадна аливаа асуудалд хандахдаа хууль зүйн онол, зарчим, хууль тогтоомжийг  дээдлэн үйлчлүүлэгчийнхээ эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, байр суурийг хүндэтгэн хамгаалдаг тул дээрх ур чадварууд зайлшгүй шаардлагатай болдог.
  1. Хуульч мэргэжлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд хуульчийн нэрийг барих, хууль зүйн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг. 
  • Монгол Улсын эрүүгийн хуулиар “Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах” гэсэн 2 төрлийн гэмт хэргийг хуульчилсан байдаг. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хүн бол зөвхөн  хуульч өмгөөлөгч юм.

Эх сурвалж: HumanZ.mn

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.