Кибер /Cyber/ гэх нэршил нь кибернетик гэх үгтэй утга дүйх ба утгачилан тайлбарлавал нарийн тооцоолон бодох техник-технологийн туслалцаатайгаар мэдээлэл боловсруулан үйл ажиллагааг удирдах буюу залуур зүй /удирдахуй тогтолцоо/ гэж ойлгогдоно.
Кибер гэмт хэргийн үндсэн асуудал нь компьютерийн мэдээлэл, сүлжээний эсрэг гэмт хэрэг хамаарч байна уу, эсвэл компьютерийн мэдээлэл сүлжээний тусламжтай үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна уу гэдэгт төвлөрдөг.
Кибер гэмт хэрэг гэдэгт юуг ойлгох талаар судлаачдын олон янзын байр суурь байдаг. Тухайлбал судлаач Ц.Хүрэл-Очирын тэмдэглэснээр кибер гэмт хэрэг гэдэг нь товчхондоо компьютерийн гэмт хэрэг болон интернэтийн гэмт хэргийг нэрлэж буй нэр томьёо юм. Интернетийн гэмт хэрэг гэдгийг “компьютерийн сүлжээгээр хийгдэж буй өөр өөр төрлийн гэмт хэргүүдийн нийлбэр” гэж томьёолж болох юм.
Кибер гэмт хэргийн төрөл, хэлбэр
1. Компьютерийн мэдээлэл, сүлжээний бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын эсрэг гэмт хэрэг
2. Компьютер ашиглаж үйлдэх гэмт хэрэг
3. Интернэт дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг
4. Интернэт дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг гэж дөрвөн төрөлд ангилдаг.
Олон улсад кибер гэмт хэрэг гэдэгт: Кибер халдлага, пишинг, онлайн мөрдлөг, заналхийлэл, скиминг буюу картны гэмт хэрэг, онлайн залилан, садар самуун дүрс бичлэг тараах, интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг гэмт хэргүүдийг багтаан ойлгодог ба Кибер гэмт хэргийн талаарх ойлголт нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн төрлүүдээр хязгаарлагддаггүй. Манай Улсын хувьд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй өссөн үзүүлэлттэй байгаа нь цахимжсан өнөөгийн нийгэмд хэн бүхэн аюулд өртөх магадлал өндөр болж байгааг харуулж байна.
Цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн гаралт:
Кибер гэмт хэргийн гаралт:
Кибер гэмт хэргийн гаралт нь 2017 онд 63 үйлдэгдсэн бол 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 48 бүртгэгдсэн. Үүнд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 35, цахим мэдээллийн сүлжээ ашиглан хувь хүний нууцад халдах 1, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 6, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөрчих 5 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Танд сонордуулахад:
Манай улсын хувьд мэдээллийн аюулгүй байдал хурцадмал нөхцөлд байгаа буюу ОУ-ын BIG DATA” хэрэгжүүлэх байгууллагаас гаргасан дүгнэлтээр аюулд өртөх магадлал дэлхийд 5-т эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын хувьд кибер орчны хэрэгцээ, интернэт хэрэглээ нь хүн амын тоотой харьцуулахад дэлхийн дундаж үзүүлэлтээс харьцангуй давсан байдаг.
Өсвөр насныхны интернэт хэрэглээ:
- 12-17 насны хүүхдүүдийн 38 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээ сайтуудад нийтэлдэг
- 10-17 насны хүүхдүүдийн 46 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг
- 16-17 насны хүүхдүүдийн 56 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг. Иймд та өөрийн ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээний талаар тодорхой ойлголттой байх нь зүйтэй.
- Албан ёсны вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээллийг татах
- Мэдээлэл оруулсан огноог шалгах
- Хуурамч аппликэйшн хэрэглэхээс сэргийлэх
- Зохиогчийн мэдээллийг шалгах
- Хувийн мэдээллийн талаарх нөхцөлтэй танилцах
- Бусад хэрэглэгчийн сэтгэгдэл, үнэлгээтэй танилцах
- Хэдэн удаа татаж авсныг шалгах
Ашигласан эх сурвалж:
- Л.Галбаатар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” УБ.,2015 он
- Б.Хишигтогтох нар “Цахим мэдээллийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийг мөрдөн шинжлэхүйн онол арга зүйн үндэс” УБ., 2015 он
- Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гаргасан 2018 оны 09 сарын тоо мэдээ.